Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гаргаад байгаа юм. Энэ асуудлыг 2010 оноос эхлэн судалж байгаа бөгөөд НИТХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын тогтоолоор
“Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан.
Нийслэлийн төв хэсэгт 137 га талбайг эзлэн, гэр хороололтой зэрэгцэн орших чимээгүй хотод 250 мянга гаруй шарил байдаг ч 150 мянга гаруй нь эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон байна. Тэгвэл нийслэлээс санаачилж байгаа төслөөр Далан давхар буюу “Самбалхүндэв”- ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх юм.
Төслөөр “Далан давхар”-ын оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, он удаан жил болсон хуучин шарилуудыг мэргэжлийн баг ухан чандарлан суваргад залж, дурсгалын цогцолбор барих, гэрэлт суварга болон бусад суварга барьж чандрыг дотор нь залахаар төлөвлөөд байгаа юм.
Энэ нь хотын өнгө үзэмжийг сайжруулан, байгаль экологийн аюулгүй байдлыг сэргээж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа айл өрх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна бурхан болоочоддоо үзүүлж буй томоохон хүндэтгэл юм гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Эдгээр ажлуудыг хийхдээ талийгаачдын төрөл төрөгсөд болон ар гэрийнхнээс зөвшөөрөл авч төлөөллийг байлцуулахаас гадна, оршуулгын зан үйлийн дагуу хийж гүйцэтгэх юм байна.
Дашрамд дуулгахад, далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан нийслэлийн иргэдээс санал асуулга авч эхлээд байгаа юм байна.
0Сэтгэгдэл:
????????? ??????: